Тэлмэний дулааны цахилгаан станцын төсөл

Зорилго:  Алтай-Улиастайн эрчим хүчний систем /АУЭХС/ болон Төвийн бүсийн эрчим хүчний систем /ТБЭХС/-д цахилгаан эрчим хүч нийлүүлэх, АУЭХС-ийг ТБЭХС-тэй холбосон ачаалал багатай шугамын реактив чадлыг балансжуулах, системийн горим ажиллагааг найдвартай, тогтвортой ажиллуулах зориулалттай 100 МВт-ын хүчин чадал бүхий Цахилгаан станц барьж эрчим хүч үйлдвэрлэн ашиглах онцгой эрх эдлэх, концессын гэрээний хугацаа дуусахад уг станцыг төрийн өмчид шилжүүлэн өгөх

Концесс олгогч:  Монгол Улсын Засгийн газар (Үндэсний хөгжлийн газар)

Концесс эзэмшигч: Шинэ Азиа групп

Концессын төрөл:  Барих-Ашиглах-Шилжүүлэх /BOT/

Концессын гэрээний хугацаа:  22 жил

Концессын гэрээний санхүүжилтийн хэмжээ:  181.556 сая ам.доллар

Байршил: Завхан аймгийн Тэлмэн сум, Хүрэн талын хөндий - 4 замын уулзвар

Алтай-Улиастайн эрчим хүчний системийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор Хөвсгөл аймгийн Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн Дулааны цахилгаан станц барих төр засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар Шинэ Азиа групп нь 2009 оны 12-р сард Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газартай санамж бичигт гарын үсэг зурснаар Тэлмэний ДЦС-ын төслийн суурь тавигдсан.

Төслийг төр засгаас тууштай дэмжиж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 40, 127-р тогтоол, 2013 оны 180-р тогтоолууд тус тус гарсан бөгөөд Төрийн өмчийн хороотой 2011 оны 5-р сарын 11-ний өдөр Монгол Улсад Анхны концессын гэрээг байгуулж улмаар Эдийн Засгийн Хөгжлийн Яамтай 2013 оны 6-р сарын 28-ны өдөр Барих-ашиглах-шилжүүлэх /BOT/ нөхцөлтэй Концессын гэрээг эцэслэн байгуулсан. Мөн Концессын гэрээний нэмэлт гэрээг Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газартай 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулав.

 “Тэлмэний ДЦС”-ын төслийн хүрээнд Шинэ Ази групп нь цахилгаан станцын суурь судалгаа, байр зүйн зураглал, археологийн судалгаа, гүний усны хайгуул, инженер геологийн судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Дулааны цахилгаан станцын ТЭЗҮ, зураг төсөл хийх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байна.

Концессын гэрээ хэрэгжих урьдчилсан нөхцөл шаардлагын дагуу Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших гэрээ, Ус ашиглах гэрээ, Хяналтын инженерийн гэрээг тус тус байгуулж Эрчим хүчний барилга байгууламжийг барих тусгай зөвшөөрөл, эрчим хүчний барилга, байгууламж барих, угсрах, түүний туршилт, тохируулга, дагалдах ажиллагааны тусгай зөвшөөрөл, барилгын ажил үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг бүрэн авч дууссан.

Шууд үлээлгийн системтэй, тоосруулах галын хотолтой 2 зуухтай, 50 МВт-ын конденсацийн 2 турбинтэй, иж бүрэн автомат удирдлагатай, агаарын хөргөлттэй, ус бага хэрэглэдэг, байгаль орчинд ээлтэй технологитой ДЦС байна.

Манай орны эрчим хүчний систем нь ачаалал багатай урт шугамуудаар хүрээгээ тэлж байгаа нь эрчим хүчний системийн аюулгүй тогтвортой, найдвартай ажиллагаанд муугаар нөлөөлж байгаа тул шинээр баригдах Тэлмэний ДЦС нь үүнд эерэг нөлөө үзүүлнэ.

Төслийн ач холбогдол:

  • Завхан, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн алслагдсан бүс нутгийн хэрэглэгчид найдвартай, тасралтгүй, чанартай цахилгаан эрчим хүчээр хангагдана.
  • Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ өснө.
  • Баруун бүсийн эрчим хүчний систем нэгдсэн системд холбогдоно.
  • ОАТ, ХХОАТ, НДШ-ээр улсын болон орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ.
  • Нийгмийн суурь үйлчилгээг ард иргэдэд хүргэснээр тэдний амьдрах ая тух сайжрахаас гадна төрөл бүрийн бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломж нээгдэнэ.
  • Орон нутгийн дэд бүтэц сайжирна.
  • Залуучуудын нийгмийн оролцоог дээшлүүлнэ.
  • Ажлын байр нэмэгдэж хөдөөнөөс хот руу шилжигсдийн тоог бууруулж, амьжиргааны түвшин дээшилнэ.