БНХАУ-ын Иньчуань хотын Чөлөөт Худалдааны бүс болон Монгол Улсын Хөнгөн үйлдвэрийн цогцолбор хамтран Халал Үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Завхан аймгийн ЗДТГ болон Шинэ Азиа группийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүн БНХАУ-ын Бээжин, Иньчуань зэрэг хотуудад 2014 оны 12 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд ажилласан бөгөөд энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсад Хөнгөн үйлдвэрийн технологийн парк байгуулахад хамтран ажилллах талаар гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байна.

Энэхүү айлчлалын талаар БНХАУ-ын Худалдааны Яамны цахим хуудас, Синхуа агентлаг болон төрийн төв хэвлэл зэрэг албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Эх сурвалж: БНХАУ-ын Худалдааны яамны албан сайт

Синхуа агентлагийн Нинша дахь салбар

Нийтэлсэн огноо: 2014.12.25    

БНХАУ-ын Худалдааны Яамны цахим хуудаст мэдээлснээр 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, Иньчуань хотын Чөлөөт Худалдааны бүсийн захиргаа Монгол Улсын “Шинэ Азиа Групп” ХХК-тай “Стратеги Хамтын Ажиллагааны гэрээ”-г албан ёсоор байгуулжээ.

Тус гэрээнд  Монгол Улсын Хөнгөн үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, тус цогцолборын үйл ажиллагааны эхний үе шатанд гол нэрийн бүтээгдэхүүний анхан шатны болон гүн боловсруулалт хийж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөд БНХАУ-ын Инчуан хотын Чөлөөт Худалдааны бүсээр дамжуулан БНХАУ болон дэлхийн зах зээлд нийлүүлэх тухай дурджээ.

Үүний зэрэгцээ талууд тус тусын болон гуравдагч орны компаниудыг  БНХАУ-ын Иньчуань хотын Чөлөөт Худалдааны бүс болон Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн паркад үйлдвэр, аж ахуйн нэгж байгуулахад харилцан дэмжлэг үзүүлэх ажээ.

Мөн Монгол Улсын Хөнгөн үйлдвэрийн цогцолборт Нинша Хотон үндэстний өөртөө засах мужийн үйлдвэрлэлийн тулгуур үндсэн чиглэл болох Халал стандартыг нэвтрүүлж газар дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэжээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн Газар, “Шинэ Азиа Групп” ХХК болон Хятадын  Гадаад худалдаа, Техникийн хамтын ажиллагааны Хөнгөн Үйлдвэрийн Синолайт корпораци /CLETC/ нар хамтран Монгол Улсын Хөнгөн үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг хийх юм хэмээн мэдээлжээ.

2015.01.05