БНХАУ-ын Хөнгөн үйлдвэрийн Синолайт корпораци болон Иньчуань хотын Чөлөөт худалдааны бүстэй албан ёсны гэрээ байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 4 сарын 11-ний өдрийн 127, 2014 оны 10-р сарын 25-ны өдрийн 352-р тогтоолын дагуу Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт баригдах 100МВт-ын ДЦС болон Хөнгөн үйлдвэрийн технологийн паркийн төслийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар, Завхан аймгийн Засаг дарга Ж.Жамьянтив, Шинэ Азиа группийн  Ерөнхий захирал Л.Төрбаяр нар болон холбогдох мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2014 оны 12 дугаар сарын 22-25-нд БНХАУ-ын Бээжин, Иньчуань хотуудад ажиллалаа.

Төлөөлөгчдийг 2014 оны 12 дугаар сар 22-ны өдөр  БНХАУ-ын Гадаад худалдаа, техникийн хамтын ажиллагааны Хөнгөн Үйлдвэрийн Синолайт корпорацийн албаны хүмүүс хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр Синолайт корпораци нь Монгол Улсын үйлдвэрлэл, технологийн паркийн барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч (EPC)-ээр ажиллах тухай гэрээг Монгол Улсын Шинэ Азиа групптэй байгуулав.

Мөн Синолайт корпораци, Шинэ Азиа групп, Завхан аймгийн Засаг дарга нар үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг хариуцан ажиллах “Азийн аж үйлдвэрийн корпораци” (Asia Industry Corporation) хэмээх хамтарсан компани байгуулах тухай Үүсгэн байгуулагчдийн гурван талт гэрээнд гарын үсэг зурав.

Эдгээр гэрээ ёсоор Монгол Улсын Засгийн Газар, “Шинэ Азиа Групп” ХХК болон Хятадын  Гадаад худалдаа, Техникийн хамтын ажиллагааны Хөнгөн үйлдвэрийн Синолайт корпораци /CLETC/ нар хамтран Монгол Улсад хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах юм.

Энэхүү хөнгөн үйлдвэрийн цогцолбор  нь олон улсын  үйлдвэрлэлийн  Халал стандартыг нэвтрүүлж, газар тариалан, мал аж ахуйн түүхий эдийг боловсруулж экспортын чиглэлтэй дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх орчин үеийн техник, технологи бүхий хөнгөн үйлдвэрийн парк байх юм.

Монгол Улсын төлөөлөгчид 12 дугаар сарын 23-25-нд БНХАУ-ын Нинша мужийн Иньчуань хотод зочилсон бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, Иньчуань хотын Чөлөөт Худалдааны бүсийн захиргаа, “Шинэ Азиа Групп” ХХК-ийн хооронд “Стратегийн хамтын ажиллагааны гэрээ”-г албан ёсоор байгууллаа.

Тус гэрээнд  Монгол Улсын Хөнгөн үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх, мал аж ахуйн гаралтай түүхий эд, материалд анхан шатны болон гүн боловсруулалт хийж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Иньчуань хотын Чөлөөт Худалдааны бүсийн хүчин чадал болон борлуулалтын сувагт тулгуурлан БНХАУ болон дэлхийн зах зээлд нийлүүлэх тухай тусгажээ.

Түүний зэрэгцээ Монгол Улсын Хөнгөн үйлдвэрийн цогцолбор нь Монголын болон гуравдагч орны компани, аж ахуйн нэгжийг БНХАУ-ын Иньчуань хотын Чөлөөт Худалдааы бүсэд боловсруулах үйлдвэр болон худалдааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх, БНХАУ-ын Инчуан хотын Чөлөөт Худалдааны бүс нь тус бүс дэх ААН  байгууллагыг Монгол улсын хөнгөн үйлдвэрийн паркад боловсруулах үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлэх ажээ.

Түүнчлэн Монгол Улсын Хөнгөн үйлдвэрийн цогцолбор нь тус Чөлөөт Худалдааны бүсэд өөрийн салбар компанийг байгуулах бөгөөд ингэснээр талууд хоёр улсын засгийн газрын хөнгөлөлтийн бодлогыг эдлэх, мал аж ахуйн түүхий эдийг цуглуулах, боловсруулах, тээвэрлэх, санхүүгийн болон зах зээлийн нөөц бий болгох, хоёр орны ААН-үүдэд бүхий чиглэлийн үйлчилгээ үзүүлэхэд тус дөхөмтэй болох ажээ.

Халал үйлдвэрлэл болон ноос, ноолуур гүн боловсруулах үйлдвэрлэл нь Нинша Хотон үндэстний өөртөө засах мужийн үйлдвэрлэлийн тулгуур, үндсэн чиглэл бөгөөд тус мужийг Хятад улсын эдийн засгийг баруун Ази буюу ойрхи Дорнодод нээх гол гарц гэж үзэн энэхүү Иньчуаний Чөлөөт худалдааны бүсийг байгуулан нутгийн гүн дэх хил, гаалийн тусгай боомт хот болгон хөгжүүлж байгаа аж.

Мөн энэ хугацаанд Монгол Улсын төлөөлөгчдийг Иньчуань хотын дарга Ма Ли хүлээн авч уулзсан бөгөөд төлөөлөгчид Нинша мужийн Эдийн засаг, мэдээллийн технологийн хороо,  мужийн Худалдааны тэнхим, Эдийн засаг, хөгжил шинэчлэлийн хороо, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны Нинша дахь салбар, БНХАУ-Арабын орнуудын үзэсгэлэнгийн товчоо, Нинша мужийн Халал хүнсний олон улсын батламжийн төв, Чөлөөт худалдааны бүс зэрэг төр, засгийн байгууллагуудын албаны хүмүүстэй ажлын уулзалт хийж Монголын аж үйлдвэрийн паркийн бүтээгдэхүүнийг хэрхэн тус хотын чөлөөт бүсээр дамжуулан Хятадын болоод дэлхийн зах зээлд гаргах ажлыг бодит ажил хэрэг болгох тухай санал солилцлоо.

Монгол Улсын төлөөлөгчид БНХАУ-д зочилж БНХАУ-ын Иньчуаний Чөлөөт бүсийн захиргаа болон Хятадын гадаад худалдаа, техникийн хамтын ажиллагааны Хөнгөн үйлдвэрийн (Синолайт) корпорацитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тухай БНХАУ-ын Худалдааны Яамны цахим хуудас, Синхуа агентлаг болон төрийн төв хэвлэл зэрэг албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

2014.12.26