Тэлмэний 100МВт-ын ДЦС-ын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ

-Концессын гэрээг дагалдах сүүлчийн гэрээ болох Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурав-

Завхан аймгийн Тэлмэн суманд 100МВт-ын Дулааны цахилгаан станц барих төслийн шинэчлэн төгөлдөржүүлсэн Концессын гэрээнд шинэчлэлийн Засгийн газар ихээхэн тууштай байр суурь баримталж, Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр, Шинэ Ази группийн ерөнхий захирал Л.Төрбаяр нар 6 дугаар сарын 28-нд гарын үсэг зурсан билээ.

УИХ-аас шинээр баталсан Хөрөнгө оруулалтын тухай хууль 2013 оны арван нэгдүгээр сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлснээр хөрөнгө оруулалтын орчин мэдэгдэхүйц сайжирч тодорхой өөрчлөлт, ахиц дэвшлийг бий болгож, татварын хувь хэмжээг тогтворжуулах, зарим салбарт импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг эрх зүйн таатай орчин бий болгосон нь гадаадын хөрөнгө оруулагчид эргэн ирэхэд түлхэц болж байна.

Ийн хөрөнгө оруулалтын шинэ орчин дөнгөж нээгдээд буй энэ үед тус төслийг хэрэгжүүлэх Концессийн гэрээг дагалдан байгуулах төслийн гүйцэтгэлийн ажлын хүрээн дэх иж бүрэн зургаан гэрээний сүүлчийнх нь болох Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээнд 2013 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр концесс эзэмшигч Шинэ Ази группийг төлөөлж Ерөнхий захирал Л.Төрбаяр, төслийн хөрөнгө оруулагч Хонконгийн Сүмбэр метал холдинг (“Soumber Metal Holding (Asia)”) группийг төлөөлж дэд ерөнхийлөгч Ли Дун нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Эрчим хүчний сайдын зөвлөх Д.Баярхүү болон Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яамны Инноваци, төр-хувийн хэвшлийн түншлэлийн газар, Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүртгэлийн газрын мэргэжилтнүүд нарын албаны хүмүүс байлцлаа.

Энэхүү санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурснаар төслийн урьдчилсан бэлтгэл ажил бүрэн хангагдаж, ирэх оны хавраас төслийн бүтээн байгуулалтын ажил эхлэн арван найман сарын дараа гэхэд станцыг ашиглалтад оруулах юм.

2013/12/27